2011-12-30
Д.Энхбат: ИЗ-НН рейтингээрээ 8,3 хувьтай гуравт явж байна 2011-12-16 11:35:55 УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсантай холбогдуулан Иргэний зориг- Ногоон намын дарга Д.Энхбатаас доорх хариултыг авлаа. -Сонгуулийн тухай хууль удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст батлагдлаа. Улс төрчид энэ хууль шинэчлэгдсэн, өмнөхөөсөө ахиц гарсан хэмээн тодотгож байна. Та шинэ хуульд ямар дүгнэлт хийж байна вэ? -Пропорциональ тогтолцоо орж байгаа учраас сонгуулийн хууль шинэчлэгдсэн гэж ойлгож байна. Хуучин хуулиар зөвхөн нэр дэвшигчийн нэрээр сонгуулийн санал хураалтыг явуулдаг байсан. Одоо бол цөөн хэсэг нь ч гэсэн намын нэрээр мандат авах тийм хууль батлагдлаа. Үүгээрээ өөрчлөлт харагдаж байгаа юм. Мөн сонгуулийн саналыг төр өөрөө тоолох тийм хувилбарт шилжиж байна. Хуучин хуулиар намын төлөөлөл саналын хуудасыг тоолдог байсан бол намууд ажиглагчаар оролцож төрийн байгууллага санал хураалт явуулах, тоолох ажлыг явуулахаар боллоо. Мөн саналыг цахимаар тоолох нь сонгогчдын саналыг өөрчлөх, будлиантуулахгүй байх гэсэн итгэл найдварыг өгч байна. Түүнчлэн гадаадад суугаа монголчуудаа сонгуульд санал өгүүлнэ. Улс төрийн намуудад 5 хувийн босго тавилаа. Энэ бол сайн жишиг тогтож байна. Европын орнуудад ихэнх нь 4 хувьтай байдаг бол манайх 5 хувийн босготой. ОХУ 7 хувийн босго тавьсан байгаад саяхан 5 болгон өөрчилсөн. Ийм ийм онцлог ахиц гарсан хууль батлагдлаа гэж ойлгож байна. Өнгөрсөн дөрвөн жил ярьсан амлалтаа хоёр нам биелүүлээгүй ч сонгуулийн хуулинд бага ч гэсэн ахиц гаргалаа. Цаашдаа сонгуулийн хууль төгөлдөрших алхамруугаа орж байна. -Сонгуулийн хуулинд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорционалиар сонгох боллоо. Энэ нь жижиг намуудад халгаатай гэх шүүмжлэл байна? -Энэ бол улс төрийн соёлын асуудал. Яагаад гэхээр дэлхийн улс орнуудад намууд нь тогтворжоод намынхаа нэрээр сонгуулийг явуулдаг болж байна. Манай улс ч гэсэн энэ зам руу орох ёстой. Би бол хувьдаа намын нэрээр сонгуульд оролцох алхам руу орж байгаа нь сайн гэж бодож байгаа. Харин ч намын жагсаалтаар пропорциональ 28 биш, бүр 48 мандат нь намын нэрээр санал хураалт явуулах байсан бол илүү сайн хууль болох байлаа. -Энэ хууль жижиг намуудад халгаатай биш гэж үү? -Ер нь өмнөх сонгуулиуд бүгд л халгаатай байсан шүү дээ. Ялангуяа УИХ-ын 2008 оны сонгууль хамгийн их халгаатай сонгууль болсон. Алтай бид хоёр л хувираа нэр дэвшиж гарч ирсэн. Намын нэрээр гараагүй, хувиараа нэр дэвшиж гарсан. Телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг олон нийтэд танигдсан гэдэг утгаараа л сонгогдсон. Шинэ хууль гарснаараа жижиг нам эвсэлүүдэд улам хүнд болсон гэж бодохгүй байна. Урьд ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Ер нь сонгуулийн хууль арай эрүүлжиж байгаад л баярлаж байгаа. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолох болсон. Үүнд нь би арай илүү найдаж байна. Гэтэл эрх баригч намын мөнгө авсан хүмүүс санал тоолсоноос автомат машинаар тоолсон нь арай дээр л дээ. -Гэхдээ 28 мандатыг намын нэрээр сонгоно. МАН, АН олон жил болсон. Бусад намуудыг бодвол сайн муугаараа олонд танигдсан нам. Энэ утгаараа бусад намуудаас илүү санал авах боломжтой байх? -Жижиг намуудад халгаатай нь үнэн. Гэвч ард түмэн ухаантай шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч хоёр нам юу хийв гэдгийг мэдэж байгаа. Хэрэв ард түмэн дөрвөн жил шүүмжилснээрээ байдаг бол энэ сонгуульд гуравдагч хүчнүүд гарч ирэх ёстой. -Сонгуулийн хуульд мөнгөний амлалт өгөхгүй байх заалт орсон. Үүнийг бас дэвшил гэж ойлгож болох юм? -Өмнөх сонгуулийн амлалт гэж хэлээд одоо мөнгө тараах гэж байна шүү дээ. Нэг сая төгрөгний хувьцаа олгоно, дээр нь цалинг 53 хувиар нэмэх гэж байна. Хувьцаагаа сая төгрөгөөр сольж болно. -Энэ амлалт чинь өмнөх сонгуулийн амлалт шүү дээ? -Ялгаагүй шүү дээ. Ирэх сонгуулиас хоёрхон сарын өмнө мөнгөө тараагаад, цалингаа нэмнэ. Тэгэхээр энэ сонгуульд хийж буй өнгөлөн далдалсан зүйл. -Иргэний зориг Ногоон намыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ асуудал юу болж байгаа бэ. Сонгуулийн хууль батлагдчихлаа? -Дээд шүүх өөрөө хуулиа зөрчөөд байхаар хэн хууль биелүүлэх юм бэ. Энэ оны гуравдугаар сард Иргэний зориг нам, Монголын ногоон нам хуулийн дагуу нэгдэх процесс явуулсан. Гэтэл Дээд шүүх зургаан сар шийдвэрээ гаргалгүй байж байгаад намыг бүртгэхээс татгалзсан. Тэгээд манай намын гишүүн биш, одоо тэр МНН-ын дарга гээд байгаа Маам гэсэн хүмүүст нэрийг бүртгэх зөвшөөрөл олгочихож байгаа юм. Энэ бол улс төрийн зорилготой үйл ажиллагаа байсан. Тодруулбал МАХН-ынханы дээгүүр нь зохион байгуулсан ажил. Тэр шийдвэр гаргасан хүмүүс нь бүгд МАХН-ын даалгавар авсан, МАХН-ын нэрийг анх бүртгэсэн шүүгч нар дээрх шийдвэрийг гаргасан. -Танд байгаа МНН-ын тамга, тэмдэг УДШ-ээс нэрийг нь бүртгэсэн МНН-ын гишүүдэд очсон уу? -Үгүй. Надад тамга, тэмдэг байгаа. Яагаад гэхээр бид УДШ-ийн шийдвэр хууль бус гэж гомдол гаргаж, зарга үүсгэж байгаа. Тийм учраас тамга тэмдэгээ өгөөгүй. Хоёрдугаарт тамга, тэмдэг өгөх эсэхийг Дээд шүүх мэдэхгүй. Намын өмнөөс шийдвэр гаргахгүй. Дээд шүүх зөвхөн намыг улсын бүртгэлд бүртгэх л эрхтэй. -Одоо тэгэхээр ИЗНН-ыг хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлэх бэ? -Ирэх сард Иргэний зориг намын их хурал болно. Энэ хурлаар манай намын гишүүд оролцож энэ асуудлаа шийднэ. Эцийн эцэст намын нэгдэх асуудлыг гишүүд нь л мэддэг болохоос УДШ мэддэг юм биш шүү дээ. Дээд шүүх бичиг дансыг нь л бүртгэх болохоос. -ИЗНН нам улсын бүртгэлд бүртгүүлчихнэ гэж та ойгож байгаа юм байна. Сонгуулийн хууль батлагдлаа. Нам сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж эхлэж байна уу? -Нэгдүгээр сарын эхний хагаст Иргэний зориг намын их хурал болно. Энэ хурлаар ИЗНН албан ёсоор байгуулагдчихна. ИЗНН бол улс төрийн гуравдагч хүчин болж байгаа юм. Өнөөдөр рейтингээрээ манай нам 8,3 хувьтай явж байна. МАН, АН-ын дараагаар гуравт жагсаж байгаа. Бид үүнийгээ л сайжруулна шүү дээ. Өнөөдөр Монголын улс төрд хамгийн бага идэгдсэн улс төрийн хүчин бол манай нам. -Танай намынхан нэр дэвшигчдээ тэр тэр тойрогт нэр дэвшүүлнэ гээд ярьж байгаа зүйл байгаа юу? -Бид ярьж байгаа. Гэхдээ нэр дэвшигчээ зарлах асуудлаар УИХ-ын шийдвэр гараагүй байна. Нам дотроо бол ярьж буй зүйл бий. Ер нь бид 2008 оны сонгуулиас илүү үр дүнд хүрнэ л гэж бодож байгаа. -УИХ-д хоёроос олон төлөөлөлтэй болно гэж үү? -З.Алтай гишүүнтэй гурвуулаа шүү дээ. -З.Алтай гишүүн танай намаас нэр дэвших юм уу? -Өөрөө бидэнтэй хамтарна гээд аль хэдийн зарласан шүү дээ -Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү? -Тэрийг одоо ярих эрт байна. Яагаад гэхээр бид их хурлаа хийлгүй сонгуулийн хуулийг хүлээсэн. Он гаргаад их хурлаа хийнэ, тэгээд л боловсруулж эхлэнэ дээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax